Friday, June 1, 2012



Даян дэлхийн энх тайван эв нэгдлийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэн Яруу эгшиглэн хамтлагын бяцхан хүүхдүүд маань  '' World harmony run-2012'' хүндэтгэлийн арга хэмжээн дээр ''Ерөөлөөр учирсан миний монгол'', '' Бид монголдоо хайртай''  дуунуудаа дуулж бэлэг барьлаа.

Эв нэгдлийн гүйлт энэ жил 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ба энэ онд олон улсын гүйгчдийн баг галт бамбараа барин дэлхийн таван тивийн 100 гаруй улс орны нутаг дэвсгэрээр 50,000 гаруй км урт замыг туулах юм байна.

2012 оны Ази Номхон Далайн Бүсийн Эв найрамдлын гүйлт нь 3-р сарын 5-нд Шинэ Зеландаас гараагаа авч, Австрали, Индонез, Сингапур, Малайз, Япон, Солонгос, Хятад, Монгол, Орос, Казахстан зэрэг 11 орны нутаг дэвсгэрээр аялан 7-р сарын 25-нд Казахстаны Астана хотноо өндөрлөнө.

Харин Монголд 2012 оны 5 сарын 25-аас Замын үүдээс гараагаа авч  2012 оны 06 сарын 17 нд Увсын Боршоо/хандгай  хүртэл нийт 3279 км замыг туулан эв найрамдлын галт бамбараа ОХУ-д хүлээлгэн өгөх юм байна.

Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт бол улс түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой бүх дэлхийг хамардаг буухиа гүйлт юм. Гүйгчид эв найрамдлын бэлэг тэмдэг болсон галт бамбарыг барьж гүйн гараас гарт дамжуулан дэлхийн 100 гаруй орноор аялуулдаг.

 Даян Дэлхийн Эв Найрамдлын Гүйлт нь ашгийн болон улс төрийн зорилго агуулаагүй арга хэмжээ бөгөөд үүнд энгийн ард иргэдээс эхлээд дэлхийн нэртэй удирдагчид хүртэл нэгдэн оролцож, найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн төлөө хүсэл мөрөөдлөө илэрхийлэх боломжтой юм.

Энэхүү гүйлтийг 1987 онд нэрт тамирчин, философич, зураач, яруу найрагч Шри Чинмой санаачилснаас хойш энэ жил 13 дахь удаагаа зохиогдож байна. Харин Монгол улс энэхүү гүйлтэнд 1995 оноос нэгдэн оролцож буй бөгөөд энэ жил 8 дахь удаагаа оролцож байна.

http://www.worldharmonyrun.org/mongolia/news/2012 с гүйлтийн талаар мэдээллийг үзэх боломжтой.



No comments:

Post a Comment